Бүтэн долоо хоногийг бараг л амнаас нь үг унадаггүй хачин хүнтэй өнгөрөөлөө. Би хэдий тийм ч их яриасаг биш боловч тэр надаас: "чи дандаа ингэж хүн залхтал ярьдаг уу?" гэж асуусан гээд бодохоор тэр барагтай л бол амаа нээдэггүй болж таарч байгаам.
Байшингаас нь гараад холгүй байх голд хамт очно, тэр намайг ийм газар ирчихээд гуталтайгаа явлаа гэж "үглэнэ". Намайг дэргэд нь байгааг ч анзаарахгүй уншаад л, юу ч юм ширтээд л, бодоод л...
Тоггүй тэнд гал дээр хоол хийж цай чанана. Лааны гэрэлд мах мөлжиж хоолоо иднэ, эцэст нь надад баярлалаа гэж хэлдэг.
Би жаахан хүүхэд шиг эргэж тойрч гүйгээд л, дандаа шахуу яагаад ингэж байгаам, яагаад тэгж байгаам, яагаад ийм юм гээд асуугаад л байна. Хариулахгүй болохоор нь сэгсэрч үзнэ, уцаарлаж үзнэ, тэгээд ч нэмэр болоогүй л дээ.
Харин шөнө нь тэр надад: "Би чиний гаранд дуртай, хөөрхөн болохоор нь" гэсэн. Тэгээд л тэр дээшээ хараад унтчихсан. Бас нэг шөнө нь миний урууланд дуртай, бас нуруунд чинь дуртай гээд нурууг маань зөөлөн илсэн.
Тэр гадаа унтдаг. Харин би дотор. Хааяа гарч түүний дэргэд хэвтээд тэнгэр ширтэнэ. Гэрэлгүй газраас тэнгэрт байгаа одод маш тод харагддаг. Жаахан байхдаа үхлийн дараа би аль нэг одон дээр суугаад амьдралыг хажуугаас нь ажиглаж болох байх гэж боддог тэр бодол эргээд санагдах ч шиг....
Мэддэг болоод удаагүй хэн нэг түүнтэй хамт эргэн тойронд нь айл хунар байхгүй шахуу тийм байшинд хамт очсондоо харамссангүй...