Friday, October 14, 2011

Бороо, хөгжим, тэр

2009 оны 7р сарын 18ны өдөр

Ойрд зүүдлээгүй аятайхан зүүд зүүдэлж, зүүдэндээ мишээн байхад борооны чимээ инээмсэглэлийг минь аваад явчихлаа. Цаг харахад өглөөний 6 цаг дөхөж байна. Энэ зуны турш ороогүй ширүүн бороо, аянга цахилгааны ширүүхэн нүжигнээн хэдийгээр айдас төрүүлмээр байсан ч саяын зүүдэлсэн зүүдэндээ сэтгэл баяссан хэвээр хэсэг хэвтэв. Байдаг л жаргалтай зүүднүүдээс нэг л өөр. Зүүдэнд хэн нэгэн байсан. Урд нь мэдрэх гээд чаддаггүй нөмөртэй, юунаас ч айх хэрэггүй мэт сэтгэгдлийг би зүүдэнд байх тэр хэн нэгнээс мэдэрч байхым.

Энэ мэдрэмжээс ч болсон уу мэдэхгүй, галын өрөөний хөшгийг бүтэн нээж цонхоо онгойлгочихоод орж байгаа бороог, хааяа хааяа гялс хийх айдас хүргэм цахилгааныг, бүрхэг тэнгэрийг ажаад, хэдэн өдрийн турш сонссон ганцхан ширхэг жазз дуугаа тавьчихаад хар кофе ууж хэсэг суулаа.

Би урьд нь иймэрхүү байдлаар өглөө хэд хэд босч байсан ч тэдгээр өдрүүд ийм бороотой байж таараагүй, бас жазз дуу сонсож таардаггүй байсым. Зүгээр л босч хар кофегоо уугаад, жаахан гадуур алхдаг байлаа.
Энэ өдөр ч би бас л гараад алхсан. Гэхдээ энэ удаад шар усны гуталтайгаа, тэгээд ээжийнхээ өгсөн борооны цувтай.

Тэр бороо өдөржин орсон. Бас оройжин. Бороотой өдөр энд гадуур явах хүн цөөхөн байдаг, тийм ч болохоор зөрж байгаа хүмүүс рүү нэг бүрчлэн харж амждаг юм. Хараад л алхаад байсан. Гэхдээ надад урдаас ирж байгаа биш харин миний урд, жаахан зайтай алхаж байгаа нэг залуу туслаа. Мэдэхгүй, юу нь болохоо байсым дагаад л алхаад л, алхаад л.... Өнөө өглөө зүүдэнд байсан тэр хэн нэгнээ би дагаад байгаа юм шиг л... Удалгүй намайг өөрийг нь дагаад байгааг тэр гадарлачихаад, айсан уу гайхсан уу эргэж харсан....



2010 оны 7р сарын 20ны өдөр

Хэд хоног бороо орсоор. Гэхдээ өнөө өглөө хэтэрхий их дуу чимээтэй бороо орж таараад нойрноос сэрлээ. Айдаг байсан дуу чимээнээс айхаа хэдийнэ больж. Гал тогооны өрөөний хөшгийг нээгээд хэдэн өдөр бүрхсэн тэнгэрийг харж, халуун сүү уунгаа Tony Bennett сонсоод хэсэг суув.
Үүдний өрөөнд ногоон өнгөтэй усны гутал, бас ээжийн өгсөн өнөөх цув байгаа. Гэхдээ би энэ удаад гарч алхсангүй. Дэргэд нь байхад айдсыг мартчихдаг тэр хэн нэгэн одоо надтай хамт байгаа болохоор л.

Инээмсэглэн суух зуур бороо татарч, нар үүлний цаанаас цухуйж эхэлсэн. Өглөө болж, магадгүй бүр мөсөн босох ёстой байсан ч харин би буцаад унтлагын өрөөгөө зүглэн алхлаа...




2010.07.25

1 comment:

dream said...

jiliin omno iim yum zohioj bjee. ih l gantsaardsiim bhda. haaya haaya iiimerhuu ongo ayastai yum zohiodog bj ;))