Saturday, October 15, 2011

Ярилцлага

Агнистын Гэгээ гээд цуврал номыг орчуулсан П.Бадрал гэж хүний Гоодаль сэтгүүлд өгсөн ярилцлагаас оруулъя гэж бодлоо. Нэгэн бүсгүй санал болгосноор... Энэ гэхдээ яг сэтгүүлдээ гарсан хувилбар нь биш байж магадгүй. Ярилцлага хийсэн сэтгүүлчээс нь л авчихсын :P


Тунгалаг оршихуй.
Сэтгүүл, ярилцлага энэ бүгд бидний оюунаар загварчлагдсан нийгмийн бүтээл, түүнийхээр бол тусгал. Харин түүний ертөнцөд ямар нэгэн загвар гэж үгүй. Тийм болхоор түүнээс ярилцлага авах, бүүр асуулт асуух ч шаал утгагүй хэрэг. Гэхдээ бас түүний дотор байгааг бусдад нээлгүй орхиод явчихна гэдэг харамсалтай. Хаалга нээж өгөх туранхай инээд алдсан шооч гэмээр эрийг хараад энэ чинь нөгөө мундаг номнуудыг орчуулсан, миний уулзах гэж зориж ирсэн хүн маань мөн байгаа? гэж хэсэг гайхсан. Агаар нь утаатай, зам нь түгжрэлтэй, хүмүүс нь бухимдалтай миний саарал хотод хүн яаж тийм энгийн, тийм жаргалтай амьдарч болох тухай хамгийн том, хамгийн амьд жишээ гээд хэлчихвэл болмоор ч юм шиг.

Лам байхуйн утга учрын талаар.
Лам болсноор хүн амьдралын өөр хэвшил, хэв маягийг өөрийн амьдралдаа оруулж ирдэг. Эгэл хүн өдөрт бурхан, гэгээрэл, хойд урд насны тухай хэд бодох вэ? Лам хүн хэд бодох вэ?
Миний хувьд манай өвөөгийн дүү 1990 оны салхи эргэх тэр цагт Ховд аймгийн Дарви суманд хийд байгуулахад би өөрөө давхиад очиж байсан юм. Тухайн үедээ манай ангийн бараг л бүх эрэгтэй хүүхэд тэр хийдэд шавилж орж байлаа. Чихэр боов тараадагт нь дуралдаг ч байсан юм уу. Бага байхаасаа учиргүй утга учрыг нь ойлгож ухаараад лам болно гэж зориогүй ч ямар нэг юм татаад байдаг байсан санагддаг юм. Нэг тийм зөн гэх үү дуудлага байдаг л даа. Одоо энэ “Үндэсний тойм” сэтгүүлийн эрхлэгч Д.Батбаяр л гэхэд ШУТИС төгссөнийхөө дараа бүүр хэзээ хойно манай “Шашны дээд” сургуульд оюутан болж орж байлаа. Батбаяр “Аавдаа диплом үзүүлэх гэж л ШУТИС төгссөн. Хар багаасаа л ганданг харахаар өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд л би ирээдүйд энд л сурах юм гэж бодогддог байсан” гэж ярьдаг юм. Одоо ч гэсэн лам болчихсон хирнээ ном эрдмээ нэг их үзэхгүй хүмүүс байдаг л даа. Хүн амьтан муу хэлж л байдаг. Гэхдээ би тэр хүмүүсийг амархан амьдаръя гээд лам болчихсон гэж боддоггүй юм. Ухаарч сэхээрч сонгосондоо биш тэр дуудлага зөнгөөрөө л энэ замыг сонгосон хүмүүс байдаг байх. Түүнээс биш үүнээс ч амархан амьдрах боломж хүний амьдралд бишгүй л байна. Лам байснаа сүүлд энгийн хүн болоод явчихсан хүмүүс ч “Дотор нэг л юм үгүйлэгдээд хоосрох гээд байдаг. Хааяа ч болов лам хувцсаа гаргаж ирээд өмсөхөөр сэтгэл тайвшраад ирдэг” гэж ярьдаг юм. Аа харин төгс сайн лам байхын утга учир гэдэг мэдээж хэрэг илүү нарийн байх.

Сүсэг бишрэлийн талаар.
Сүсэг бишрэл гэдэг өнгөцхөн тодорхойлохын аргагүй асар хүчтэй зүйл. Миний анхны багш гэхэд сүм хийд хаагдах тэр цагт дөнгөж л уншлага номоо гүйцээж байсан, шашны ухааны айхтар гүнд нь орж амжаагүй залуу лам байсан хүн. Тийм болхоор уншиж судалсаны хувьд айхтар ном эрдэмтэй мундаг хүн биш. Гэтэл тэр хүн насаараа шашин номдоо сүсэглэж явсан болхоор сүсэг бишрэлийн хүчээрээ л ном унших байтугай арц рашаан хүнд тараахад тэр нь тус болох жишээтэй. Өнөөдөр шинжлэх ухаан мэдлэгийн хүчээр бүх юмыг шийдээд байна. Шашинд бол сүсэг бишрэлийн хүч зайлшгүй яригдана. Бурхан, хязгааргүй, бид хаанаас ирээд хаашаа явдагийг шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй шүү дээ. Тэхээр энэ бүхэнд бид мэдэж хүрэхгүй. Мэдэрч л хүрнэ.

Тусын талаар.
Заримдаа би зовсон шаналсан хүнийг харахаар эмч болмоор ч юм шиг, ядуу нэгэнийг хархаар баян болж өглөг өгмөөр ч юм шиг санагддаг л юм. Гэтэл энэ хорвоогийн энэ их зовлонг нэг эмнэлэг, нэг сургууль бариснаар бид нимгэлж чадна гэж үү? Хүн эхлээд өөрөө амгалан тайван болж өөртөө туслаж байж дараа нь бусдад туслах талаар бодно уу гэхээс өөрөө стрессд автчихаад бусдад туслана гээд явбал боломж мөхөс л дөө. Гитлер эсвэл Бин Ладен ард түмэндээ, хүн төрөлхтөнд туслаж байна гэсэн итгэл үнэмшлээр л тэр бүх муу муухай үйлээ хийсэн байж таараа. Ийм мэтээр л өөрөө гэгээрээгүй хүмүүс бусдад туслах гэж байна гээд гай болоод байдаг. Маркс ядуусыг аврахын төлөө амьдралаа зориулж, өөрөө ч жаргаж чадалгүй дөчин жил “Капитал” зохиолоо бичсэн гэтэл энэ тус болж чадсансан билүү? Эйнштейнээс үхэхийнх нь өмнө “Таны амьдралыг уртасгаж өгвөл та юу хийх вэ” гэж асуухад “Би сантехникч л болмоор байна. Одоо даанч өнгөрлөө дөө” гэсэн гэдэг. Хүн төрөлхтний тусын тулд гэж бодоод нээсэн нээлт нь үнэхээр тус байв уу, гай байв уу гэдэгтээ тэр хүн эргэлзэж байж л дээ.Тэгэхээр хүмүүст туслахын тулд эхлээд өөрөө гэгээрч бурханы хутгийг л олох хэрэгтэй. Гэгээрэл гэдэг маань орчлон ертөнцтэй уусан нэгдэнэ гэсэн үг. Ийм төлөвт шилжсэн хүний хийж буй бүхэн маань аяндаа бусад хүнд тус болж хүрдэг.
Хүмүүс буян тусыг бодит үйлдэл гэж ойлгоод байна. Гэтэл бодьсэтгэл бясалгаж байх үед амьсгалах маань хүртэл буян болдог гэдэг. Жишээ нь өгөх авахын бясалгал гэж байдаг. Амьсгал авах болгондоо хорвоогийн бүх зовлонг утааны байдлаар сорж, амьсгал гаргах болгондоо өөрт төрж буй таашаалаа орчлон ертөнцөд түгээж байна гээд бясалгадаг юм. Нэг хүн хаа нэгтэй ингээд бясалгаад сууж байхад энд муудалцаж байсан хоёр хүн эвлэрч, хүн алах гэж байсан хүн больж байдаг гэдэг би итгэдэг. Бидний тархи гэдэг хүлээн авагч систем шиг л зүйл. Гэнэт янз бүрийн долгионууд орж ирдэг шиг, янз бүрийн бодлууд орж гараад байдаг. Нэг хүн хүн алчихлаа гэхэд өөрөө юу хийж байгаагаа мэдэдгүй. Тухайн агшинд зурсхийн орж ирсэн бодлынхоо л дагуу үйлддэг. Яг л робот шиг. Гэтэл тэр бодол нь тэр хүн өөрөө биш юм. Долгионы бөмбөгдөлтөнд өртөөд л тэр бодлыг хүлээж авдаг. Хүн сул дорой байвал муу долгион л хүлээж авна.

Амьдралын зорилгын талаар.
Надад зорилго байхгүй. Зорилго гэж гоёор хэлээд байгаагаас үнэндээ энэ чинь шунал шүү дээ. Зорилготой хүмүүсийн зорилго нь дутуу биелээд л энэ үйлийн үрээрээ эргэж төрөөд сансарын эргүүлгэнээс гарч чададгүй. Зорилго гэдэг ирээдүй цагт хамаатай. Одоо л амьдрал, би, бүх юм байна. Өнгөрсөн ч гэж ирээдүй ч гэж байхгүй. Одоо гэдэг ердөө нэг эгшин. Тэгэхээр эгшин л гэж байдаг. Яг л ус урсаад өнгөрөх шиг. Хүмүүс энэ эгшин, эгшиндээ л амьдарч сураасай гэж би боддог юм. Гэтэл ихэнхи хүмүүс өнгөрсөнг дурсаад л эсвэл ирээдүйд найдаад л одоодоо амьдарч чададгүй. Гэхдээ зөвхөн одоод амьдарна гэж бодоод байвал энэ бас зорилго болчих болхоор тэгэж түүн рүү чиглэж болохгүй. Ер нь бясалгалын гол зорилго бол ямар нэгэн зорилго, чиглэх зүйлгүй болхын нэр. Зорилготой бясалгаад байвал наанаа өнгөц тайвширхаас цаана нь нөгөө нэг юм нь базлаад суларч чададгүй. Тэгэхээр бясалгалаас үүний дараа тэгнэ ингэнэ гэж үр дүн горидох хэрэггүй. Ингээд юм бүхэнд бүрэн сэтгэл хангалуун болоод ирхээр сэтгэлийн хатуу талстууд хайлаад ус шиг болоод ирнэ. Энэ төлвийг самади гэнэ. Ийм маягаар агшин агшинд л амьдраад байх нь надад гоёо байдаг. Аяндаа бүх юм болхоороо л болно. Зорилго тавьдаг хүмүүсийн Би-ийн үзэл нь их хүчтэй байдаг. Би нэг хүнтэй таарч байсан юм. Тэр хүн “Би ная наслана. Тэр үед надад амтлаагүй амт, үзээгүй жаргал, очоогүй газар орон байх ёсгүй. Тийм учраас би одооноос мөнгө цуглаана” гэж яридаг. Маргааш үхэж болох энэ амьдралыг ойлгохгүй л яваа хэрэг. Гол урсдаг шиг хүн ч урсдагийг бид анзаарчих юм бол ядаж л өчигдөр муудсан хүндээ өнөөдөр муу санаад явахгүй шүү дээ. Бидний бие ч сэтгэл ч бүгд л урсана. Тогтмол гэж байхгүй. Тэгэхээр бид хичнээн зууралдсан ч тогтоож дийлэхгүй.

Эсрэг хүйстэндээ тэмүүлэх хүслийн талаар.
Энэ бол эрүүл үзэгдэл. Бид нар эцэг эхээс төрсөн болхоор эр эм аль аль шинж бидэнд байдаг. Би эр хүн байвч миний эмэгтэй шинж дотор минь нуугдаж байгаа. Бидэнд жаргал гэж амсагдаж буй бүхний үндэс маань бидний дотор орших хүйс гадна орших эсрэг хүйстэйгээ хурьцал үйлдэж байгаа хэрэг. Сайхан дуу сонсох, сайхан амт амтлах гээд энэ бүрээс төрж буй жаргал хүртэл дотоод эр эмийн билэгдэл. Үүний илрэл нь бидний мэдэх биеийн хурьцал. Энэ арга билгийн зарчмыг бүрэн төгс ухаарч чадах юм бол амьдралыг бүрэн ойлгоно гэдэг.
Миний орчуулсан Ошогийн нэг номон дээр “Хэрвээ нэг хүн цэцэг тариад навчийг нь илбэж, үнэрийг нь таашаагаад сууж байвал энэ ямар гоо сайхны мэдрэмжтэй хүн бэ, яруу найрагч уу эсвэл бясалгагч уу гэх атлаа бүсгүй хүнийг илбэн таашаал авч байгаа хүн таарвал шалиг завхайгаар дууддаг. Ягаад хүн цэцэгнээс доор байгаа юм бэ?” гэж гардаг. Хүн хүнээсээ тэгэж жигшдэг зугтдаг байж болохгүй. Энэ бүхнийг нөгөө л стресс бухимдлаар дүүрсэн эрүүл бус нийгэм маань зохиочихсон. Өөрийнх нь ямар нэг хүсэл нь боогдчихсон хүмүүс эргээд эргэн тойрондоо байгаа тэр хүслийн биелэлүүдийг үзэн ядаад байдаг. Хүүхдээ алаан хядаантай кино үзэж байхад юу ч хэлдэггүй мөртлөө эр эм хоёр үнсэлцэж байгаа кино үзэж байвал загнадаг эцэг эхчүүд байдаг. Үүнээс болоод эр эм хүмүүс үнсэлцэх муухай, биесээ хайрлах энхрийлэх нь ёс бус гэсэн сэтгэлгээ хүүхдэд суугаад байдаг. Ингээд л эрүүл биш өвчтэй хүмүүс үүсээд байна. Энэ ертөнц тэрчигээрээ галзуугийн эмнэлэг шиг болчихсон. Тэнд ганц хоёр эрүүл хүн гарч ирхээр тэр нь галзуу хүмүүсийн хувьд өвчтэй хүн болж хувирдаг. Өөрийнхөө хүслээр байгаа хүн гаж харагддаг.

Хайрын талаар.
Хайр дурлал ухамсаргүй зүйл. Би энэ хүнд дурлана гээд дурлаж болдоггүй биз дээ. Хайр дурлал, сүсэг бишрэл гээд ухамсаргүй зүйлс хамгийн их утга учиртай мэт надад санагддаг. Хүмүүс ийм зүйлсийг зүрхний гэж яридаг. Байгаль ертөнц гэдгийг Даогийн ёсонд Дао, Буддизмд Дарма гэж нэрэлдэг. Хэн ч зохиогоогүй үүсэхгүй, устахгүй, эвдрэхгүй, мөнхийн ахуй юм. Хайр, сүсэг бол тэр оршихуйн эх булгаас ирж байдаг. Тэр эх булагт хамгийн ойрхон зүйл нь бидний зүрх. Бясалгал ч гэсэн тархинаас зүрх рүү шилжих өөрөөр хэлбэл мэдлэгээс мэдрэмж рүү шилжих үйл явц.
Хүн эхлээд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийгөө хайрладгүй хүн бусдад стресс хороо л нялзаана уу гэхээс хайр хүртээж чадахгүй. Эргэн тойрноо хархаар нөгөө хүнийхээ хүслийг харгалзан үзээгүй хайрын нэрээр нэг нэгнээ өмчилж, тамлаж байгаа хосууд, хайрын нэрээр үр хүүхдээ дарамталж байгаа эцэг эхчүүд л харагддаг. Би яс махны дүрэм журамд дургүй хүн болоод тэгдэг юм уу, заримдаа ч аав ээжийн хайр хүртэл яршигтай санагдах үе бий.

Хайр ба цаг хугацаа.
Би ганцаараа амьдраад гурван жил болж байна. Хүмүүс салж нийлэх гэдгийг хэт эмзэг хүлээж аваад байдаг. Минийхээр бол учирсан гэдэг салахын баталгаа. Учраагүй бол салахгүй л дээ. Цэцэг навч ургаж дэлгэрээд дараа нь хагдардаг байгалийн жам ёсны үзэгдэл шиг учирсан бол салах гэдэг ч байгалийн жам ёс. Гаж муу зүйл үгүй. Гэтэл хайр дурлал нь хэдийн унтарчихсан хирнээ хүмүүсийн хэл амнаас айсандаа эсвэл тооцооноос болоод хүчээр гэрлэлтээ авч үлдэх гэж өөрсдийгөө зовоогоод байдаг хүмүүс надад их өрөвдэлтэй санагддаг.

Хайр ба эрх чөлөө.
Будда гэгээрсэнийхээ дараа нэг өдөр шавь нартаа эхнэр дээрээ эргэж очмоор байна гэж л дээ. Ананд хүртэл багшдаа эргэлзэж, багш маань одоо болтол ертөнцийн ёсонд уягдаж яваа юм биш байгаа гэж гайхаад “Таныг хүмүүс буруугаар ойлгоно шүү дээ” гэхэд Будда “Энэ хүмүүсийн яж ойлгох эдний хэрэг” гэж хариулаад эхнэр дээрээ эргэж очдог. Ясодара тэгэхэд нь “Чиний олсон үнэн ойд л байдаг, энд байдгүй юм уу, чи тэр хүмүүстэй хамт байгаад үнэнг олж болдог харин надтай бол чадахгүй юм уу?” хэмээн ууралхад нь Будда “Тийм ээ, Надад тийм юм шиг санагдсан. Миний буруу байжээ, би тэнэг явж” гэж хариулсан гэдэг.
Ошо багш “Хайр эрх чөлөө цуг байх учиртай. Гэхдээ зайлшгүй нэгийг нь сонгох хэрэгтэй бол эрх чөлөөг сонго. Учир нь эрх чөлөөгүй хүн хайрлаж чадахгүй. Эрх чөлөөгүй зүрх үргэлж шаналж байдаг” гэсэн байдаг.

Өдөр дутмын амьдралынхаа талаар.
Өлсвөл хоол иднэ. Цангавал ууна. Тэгхээр хоол ундныхаа мөнгийг олох хэрэгтэй. Хэтэрхий их шуналд автахгүй юмсан гэж хичээдэг. Өдөр дутмын шунал бол байгаа л даа. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдрахсан гэдэг шиг хийж буй болгондоо уусаад л, амьсгалсан агаараа ч мэдрээд л явхыг хичээдэг. Аль болох ямар нэг зүйлд автахгүй урсаад л. Урсахдаа хамгийн гол нь мэдрэг байхсан, аль болох дүрэм журам, хэв маягт баригдахгүй юмсан л гэж боддог. Одоо бол хоосон талх иддэг хүн цөөн байх. Би талх идэхдээ Ленинградын бүслэлтийн үед байсан бол гэж төсөөлж байгаад жижиг жижгээр иддэг юм. Ингэж идэхээр тэр талхны ширхэг бүрийг амталж таашааж болдог. Мэдрэг бай гэдэг энэ л дээ.

Буян нүгэлийн талаар.
Нүгэл гэдэг минийхээр өөрийнхөө дотоод дуу хоолой сүнслэг зүрхнийхээ эсрэг байх л юм. Үүнээс болоод бидний дотор зовлон шаналал үүсдэг. Тэр нь сүүлдээ ямар нэг хэлбэрээр гадагш илрэн гардаг. Би уурлаж байна гэдэг нь дотроо байгаа сүнсээ тамлаж байна гэсэн үг.
Хүмүүс буяныг амар амгаланд хүрэх зам, ийм буян үйлдвэл тэгэж жаргана гэж бодоод байдаг. Үнэндээ жаргал ч өөрөө буян, амар амгалан ч буян, хайрлах ч буян. Өөртөө л жаргалтай сайхан амьдарч байвал тэр чинь буян. Хүнийг их жаргалаа гэж шийтгэдэг бурхан гэж лав байхгүй.

Урлагийн талаар.
Би урлаг бясалгал хоёрыг төстэй гэж хардаг. Эгэл хүний тархины долгионыг шинжлээд үзхээр маш их хэлбэлзэлтэй байдаг. Харин самадид хүрэх тэр үед хэлбэлзэл шулуун рүү тэмүүлдэг. Тэр үед хүн маш их таашаал эдлэж, орчлонтой нэгдэн, орчлонгийн талаар маш их мэдээллийг олж авах боломжтой болдог. Бодлоос ангижирсан тэр үед гялсхийсэн санаанууд орж ирдэг болов уу гэж боддог. Магадгүй урлагийн аугаа мастерууд ийм төлөвт орж байсан байх.
Өндөр гэгээн бясалгалаас гарч ирэх үед тодорч үзэгдсэн үсгэндээ Соёмбо буюу өөрөө тодрох гэгээ гэсэн нэр өгсөн гэдэг. Бид үнэнийг танина гэж байхгүй. Тэр өөрөө тодорч бидэнд танигдана. Бид гол нь өөрийгөө суллаж, хаалт бөглөөсөө арилгах хэрэгтэй. Жишээ нь Микеланжелог ч юм уу би чулууг урлагийн бүтээл болгож хувиргадаг байсан гэж бододгүй. Тэр хүн зүгээр л тэр чулуунд байгаа илүү хэсгүүдийг нь хасчихад цаанаас нь аугаа бүтээл өөрөө тодордогч байсан байх. Яг л үүн шиг бид илүү зүйлсээсээ салхад цаанаас нь аяндаа будда тодроно.

Хүүхдийн талаар.
Би охинтой л доо. Хүмүүс үр удмаа үлдээх нь амьдралын утга учир гэдэг. Гэтэл энэ чинь аалзанд ч өт хорхойнд ч байдаг л чанар. Би Шашны дээд сургуульд байх үед “Эхийн ач” сэдвээр зохион бичлэг хүүхдүүд бичиж байсан юм. Нэг хүүхэд тэгэхэд “Аалз бол энэ ертөнц дэх хамгийн элбэрэлт эх. Үр хүүхдээ нуруун дээрээ тээн, өөрийнхөө махаар тэжээгээд үхдэг” гэж бичиж байсан. Харин хүн ядаг билээ дээ. Христос, Сократ үр удмаа үлдээгээгүй. Тэгэхээр үр удмаа үлдээх гэдэг нэг их санаа зовоод байх чухал зүйл биш байх.
Уг нь бид үр хүүхдээ багаас нь эвдэхгүй өөрийнхөөр нь байлгаад анзаараад байвал хүүхэд бүрт байгалиас заяагдсан авьяас билэг, яж амьдрах талаарх арга ухаан байдаг. Өөрөө авьяас чадвараа тээгээд ирсэн хүүхдэд эцэг эхчүүд нь хүчээр юм тулгасаар байгаад эвдчихдэг. Тийм мэргэжил эзэмш, онц сур, мөнгө ол гээд л. Үгүй үнэхээр хүүхэд чинь мөнгөгүй ядуу амьдралаасаа жаргал амтлах заяа тавилантай ч байж болно шүү дээ. Дуртай юмаа хийгээд мөрөөдөлдөө дурлаад л яваг л дээ. Тэглээ гээд тэд алдахгүй.

Гуниг ганцаардлын талаар.
Би ч гэсэн гуниглаж ганцаарддаг. Тэрийг би үүл манан гарчээ л гэж боддог. Тэнгэр үүрд цэлмэг байх биш. Гэхдээ ямар ч догшин аянга бууж цахилгаан цахисан тэнгэр нурчихдаггүй, маргааш нь юу ч болоогүй юм шиг тунгалаг цэнхэр тэнгэр биднийг хүлээж байдаг. О. Дашбалбарын “Тэнгэр шиг бай” гээд шүлэг байдагдаа. Тэр бол тэрчигээрээ Тантрын гүн ухаан. Үзэгдээд харагдаад жаргал зовлон гэж бидэнд мэдрэгдээд байдаг тэдгээр юмс бүгд л тэр үүл манан шиг. Харин миний мөн чанар бол тэнгэр шиг тунгалаг мөнх орших. Тийш л чиглээд байвал тэр үүлс сийрэгжээд л, сарниад л байна. Би бол их өтгөн үүлэн дунд байсан бол одоо бас ч гэж сэмжин үүлэн дунд байна.

Уур уцаарын талаар.
Би уурлаад энэ уураа хүчээр дараад гаднаа инээгээд байвал энэ бүхэн маань бидний дотор чигжигдээд дотоод хүрднүүдийг маань гацаагаад байдаг. Зөвхөн уур уцаар ч биш ер нь хүсэл төрөнгүүт тэрийгээ дараад байхаар ингэдэг. Ингэсээр байгаад хоолой бөглөрч байгаа юм шиг эвдэрнэ. Тантрын бясалгалд уураа ч тэр бусад сэтгэл хөдлөлөө ч тэр битгий дарж бай гаргаж бай гэж сургадаг. Гэхдээ уураллаа гэхэд хүнтэй зодолдох биш ухамсартайгаар бусдад төвөг бололгүй үүнийгээ гадагшлуулж байх хэрэгтэй. Ингээд эхэлбэл аяндаа дотоод хүрднүүд чинь нээгдэж байгаа нь манас манас гээд л мэдрэгдээд эхэлдэг. Уг нь бид нар байгалиас төрөхдөө бүх хүрд нь гацаагүй байдаг. Хүүхдүүд ямар нэг учир шалтгаангүй инээн баясаад, хөөрч дуулаад байдгийн шалтгаан нь энэ. Аяндаа харин үүнийг нь нийгэм эвдчихдэг. Хүүхэд элгээ хөштөл инээж байхад бид тэгэж чаддагсан бил үү? Нэг л их чигжигдчихсэн хүмүүс. Жаахан малтчихад л тэр нь дэлбэрэх гээд. Хүн энэ хорвоо дээр жаргах гэж ирсэнээс биш жаргалтай болж харагдах гэж ирээгүй шүү дээ. Эргэн тойрноо хархаар уйлсан зүрхнүүд л харагддаг. Өөрөө өөрийгөө хуурч ядаг юм.

Монголын буддын шашны одоогийн нөхцөл байдлын тухай.

Эрэлт хэрэгцээнээсээ л үүдэлтэй юм. Өнөөдөр ганданд ном уншиж, засал хийхээ болчихвол хүмүүс бөө нар луу эсвэл Христийн сүм рүү л явна. Гандан заавал ирж ном уншуул гэж тулгадаггүй. Өөрөө өөртөө аврал гэж будда сургасан, надад ямар нэг ном уншуулах шаардлагагүй, өөрөө ном судраа олоод уншина гээд явхад саадгүй. Ном судар ч элбэг орчуулагддаг болчихлоо. Бясалгалын төвүүд ч олон байна. Би ч энэ үзэгдэлд гайхдаг л юм. Далай багш ирээд сайхан ном тайлбарлах гэхээр тийм боломж өгөхгүй дайраад л байдаг. Далай лам гуайг ШУТИС хүндэт профессор болгосон юм. Далай лам ч энэ үер адис авахдаа, маань уншихдаа энэ шашны мөн чанар оршидгүйг ойлгуулах гээд нэгэн ламын “Эрх эргүүлсээр хумс минь элэгдсэн ч муу сэтгэл минь элэгдэхгүй юмдаа, Адис авсаар зулай минь халцарсан ч Би-ийн үзэл минь халцарсангүй” гэж халгалсан тухай ярисан юм. Яг ингэж хэлээд л гарах гэхэд тэнд цугласан нөгөө айхтар профессор эрдэмтэд бүгдээрээ л далай ламд хүрэх гээд дайраад байгаа байхгүй юу. Одоогийн энэ хүмүүсийн ихэнхи нь социализмд хүмүүжсэн шашингүй улсууд шүү дээ. Би лав тэр хүмүүсийг тийм их итгэл үнэмшилтэй гэдэгт эргэлздэг л юм.
Монголын бурханы шашины өнөөгийн байдалд 1939 оны хэмлмэгдүүлэлт их нөлөө үзүүлсэн гэж боддог. Улс төрийн хэлмэгдүүлэлт гээд байдаг яг үнэндээ дийлэнхи нь лам нар байсан гэдэг. Тухайн үед лам нарыг баривчлахдаа гурав ангилж байсан гэдэг юм билээ. Эхнийх нь эрдэм номоо үзэж, цолоо хамгаалж дуусаад бясалгалын эрдэмд шилжчихсэн байсан лам нар. Энэ хүмүүст шууд буудан алах ял зааж байж. Хоёрдахь нь цол зэрэгээ дөнгөж аваад байсан лам нар. Тэдэнд арван жилийн ял өгсөн юм билээ. Хожим энэ хүмүүсээс олон нь Шашны дээдийн анхны багш нар болж байсан юм. Гуравдахь нь ид насны залуу лам нар. Тэднийг бол шууд хар болгосон гэдэг. Яг энэ үйл явцаас болоод өнөөдөр манайд бурханы шашин зан үйл ёс дүрэм талдаа л үлдэснээс биш бясалгал гэгээрэл гээд дээд шатны эрдэм нь орхигдсон тал ажиглагддаг. Одоо бол бурханы шашны биш байдлаар бясалгалын төвүүд монголд хөгжиж эхэллээ.

Шашны нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагын талаар.
Үүрэг харицлагын талаар би бододгүй. Буддизм үүгээрээ бусад шашинаас их өөр. Буддизмд хувь хүн өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага үүрдэг болхоор гол нь өөр лүүгээ л орох, өөрийгөө ухаарах. Гэтэл ингэж өөрийгөө ухаарах гэж зорьж яваа хүн бусдад лекц уншаад л эсвэл хаалга тогшиж сайн мэдээ түгээгээд явах боломжгүй. Яхав гүрэм засал хийгээд сууж байдаг лам нар бий л дээ. Гэхдээ тэд гүйцэд сайн номоо үзээгүй эсвэл бясалгал хийхийг хүсдэггүйгээс л тэгэж суудаг байх. Ганданд олон дацан сургуулиуд байдаг. Тэд нар чинь ямар нэг орлого байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс яж амьдрах вэ гэдэг асуудал байна. Шашны номыг арав хорин жилээр шат дараатай сурдаг. Дотроо нарийн ялгаатай олон зиндаатай. Эгэл хүмүүс өөрсдөө очиж ном уншуулдаг, засал хийлгэдэг хэсгээ л мэднэ. Яхав удирдахуйн ухаан дутдаг байж мэднэ. Угаасаа тийм мэргэжилтэй хүн гэж байх биш. Жишээ нь энэтхэгт Чойрын гүн ухаан үзэж байгаад ирсэн хүн захиргаа эсвэл аж ахуйн алба хариуцаад ажиллана гэхээр сонин шүү дээ. Би гандангийн үйл ажиллагаанд нэг их санаа зовоод байдаггүй юм. Нийгэм хөгжихөөр аяндаа дагаад хөгжих ёстой зүйл. Өнөөдөр нийгэм бүхэлдээ ядуу болхоор хүмүүс хэрэгцээгээ бодхоос бясалгал гүн ухаан гэж бодох нь бага байна.

Үхлийн талаар.
Хүн амьд явах эрхтэй шигээ үхэх ч эрхтэй. Харин заримдаа бид үхэх эрхтэйгээ мартчихдаг. Ягаад үхэж болохгүй гэж. Үхлийн дараа биднийг юу хүлээж байгааг мэдэхгүй байж заавал муугаар бодох хэрэг байна уу? Магадгүй тэр хүний амьдарсан амьдрал нь үхлийг нь шалгаад өгчихдөг байх. Амьддаа муу үйл их хийсэн хүн л үхлээс, үхлийн дараа юу тохиолдхоос айдаг байх. Өөрөө ухамсарлахгүй ч далд ухамсараас нь айдас ирдэг байх. Үхэх цагтаа л харамсалгүй, амьдрал боллоо гээд талархаж үхлийг угтах хэрэгтэй байхдаа.

Хэм хэмжээний талаар.
Өмнөөс нь ингэж амьдарч байхаар үхчихсэн нь дээр ч юм уу гэж бодмоор зовлонтой хүн байдаг даа. Гэхдээ бид өөрийнхөө хэмжүүрээр тэр хүнийг хэмжих ёсгүй. Зөв буруу гэсэн ойлголтыг л бусдад тулгах хамгийн буруу. Үүнээс чинь л хүний ертөнцийн бүх заваан юм үүсдэг. Би архи тамхи хэрэглэхгүй гээд цэмбийгээд явдаг хүмүүс бий. Гэтэл тэр гудамжны архичинг өөрөөсөө доор амьдарч байна гэж ойлгож болохгүй. Хүний жаргал зовлон гэдэг дэнслэх аргагүй зүйл.

Гэгээрлийн талаар
Хүн бясалгаад гэгээрэх ажиглах ухамсараа гүнзгий хөгжүүлээд би гэж байна уу минийх гэж байна уу гэдгээ задлан шинжлээд ирэхээр Би сарниад эхлэнэ. Бид нар ухамсаргүйгээр Би-г бий болгоод, Би бий болсоноос минийх гэсэн өмчлөл үүсээд энэ өмчлөх сэтгэлээс уурлах шунах гээд бүх зовлон төрдөг. Ингээд Би бүрэн алга болход бид бүх ертөнцтэй нэгдмэл гэдгээ мэдэрдэг. Энийг л төгс гэгээрэх гэнэ. Ийм хүнд хорогдох, шунах, зовох юм байхгүй. Амьдарсан ч жаргалтай үхсэн ч жаргалтай. Үхэх гэдэг бие л эвдэрч байгаа хэрэг. Үүссэн бүхэн эвдэрдэг хурсан бүхэн сарнидаг. Энэ аяга үүссэн юм чинь эвдрэнэ. Энэ бие ч гэсэн үүссэн л юм чинь эвдэрнэ. Үүнд харамсаад байх юм байхгүй.
Чин үнэнийг хэлхэд гэгээрлээс бусад бүх зүйл үр дүнгүй. Бид энэ хорвоод төгөлдөрших гэж л ирдэг. Үүнээс бусад бүх л зүйл замхрана. Ямар ч аугаа эзэнт гүрэн, ямар ч гавьяа байгуулсан хамаагүй, түүнийг хэн үр бүтээлтэй амьдарсан гэх юм. Өнөөдөр замхраагүй бол удахгүй замхрана л гэсэн үг.

Бодол ба Би.
Өнөөдөр бид нар оюун ухаанаар загварчилсан нийгэмд амьдарч байна. Гэтэл оюунаар загварчилсан бүхэн хуурамч тусгалууд. Төв үзэлтэн гэж бүх үзлээс ангижирсан хүнийг хэлдэг. Тэр хүн үгийг хэрэглэхдээ ерөөсөө тэр хүнд л тохируулж хэрэглэхээс дотроо бол огт үзэлгүй болчихсон байдаг. Бүрэн гэгээрхэд мэдэрхүй ч алга болж, цэвэр ухамсар л үлддэг гэдэг. Мөс хайлвал ус болно. Ус уур болно. Үзэгдэх хэлбэргүй тунгалагшина. Яг л үүн шиг бидний бодол үг бол талст болон царцсан хөшингэ хэлбэрүүд. Бодол, бидний дотор орших бүх л баригдмал зүйлс алга болж цэвэр тунгалаг болно. Будда болсон хүн бол юм огт бододгүй байдаг. Оюун ухаан эсвэл үгийг зөвхөн зайлшгүй үед л хэрэглэнэ. Тэгэхээр хүмүүс мал юм уу гээд байдаг. Үгүй. Мал бол бодох ч чадваргүй чулуужсан ухамсарын хэлбэр. Энэ хоёрыг хүмүүс ялгадаггүй. Хүн бол дунд нь байгаа оюун ухааны түвшин. Цэвэр ухамсар гэдэг оюун ухаан байхгүй бодол байхгүй. Бид жаргал гэж төсөөлсөн зүйлээ мэдэрч байхдаа бодлоос ангижирч, түр сулран сэрүүн тунгалагийг мэдэрдэг. Хүн ягаад архи ууж, секс хийж, мансууруулах бодис хэрэглэдэг вэ гэхээр бодлоос ангижирч тэр сэрүүн тунгалагийг мэдрэх гэж л тэр. Гэтэл бид мансууралгүйгээр өдөр бүр энэ жаргалыг амсаад байж болно. Хүн ямар ч хэрэггүй юм бодоод л тэр бодолдоо шаналаад яваад байдаг. Их юм боддог, сэтгэгч хүмүүс их хүйтэн болчихдог. Тийм хүн Будда шиг хүн хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Хүмүүс будда гэхээр учиргүй бясалгаад бодолд дарагдчихсан хүн төсөөлөөд байдаг. Гэтэл тийм биш шүү дээ.
Санаандаа орж ирж байгаа бодлыг би биш гэж ойлгох хэрэгтэй. Бодлуудыг зүгээр л кино үзэж байгаа юм шиг үзээд өнгөрөөж сурах хэрэгтэй. Хүмүүс бодлоо би гэж бодоод байдаг. Гэтэл бодол би биш шүү дээ. Энэ ундааг би уулаа ундаа би болох уу, энэ агаарийг би залгилаа гээд агаар би болох уу. Хэрвээ энэ бүхэн би юм бол баахдаа би бигээ алдаад байгаа хэрэг үү? Энэ бол зүгээр орох гарах урсгал. Яг л үүн шиг бодол ч гэсэн орох гарах урсгал. Харин цаана нь чиний мөн чанар байгаа. Үүнийгээ бид хардаггүй. Тайван ганцаараа байх үедээ эхлээд амьсгалынхаа орох гархыг мэдэрч байгаад дараа нь бодлоо орж гархыг ажиглах гээд оролдоод үзээрэй. Эхлээд хоосон байгаад бодол орно дараа нь гарна, хоосон болно эргээд бодол орно. Гол нь бодолдоо автаж болохгүй. Автчихвал сандрах хэрэггүй, би ажиглана гэсэн шүү дээ гээд л тайван байх хэрэгтэй. Энэ мэтээр бодлуудаа орох гархыг ажиглаад байхаар эцэст нь хоосон л үлддэг. Тэнд бүх юмны зааг бий. Үүнээс цааш хэнээс ч юу ч асуухыг хүсэхгүй. Ном унших ч шаардлагагүй. Дотор минь бүх юм байна гэсэн мэдрэмж ирнэ.
Дилов хутагтын домог байдаг. Нэг хүн “Яж бодлоос ангижрах вэ багшаа” гэхэд нь Дилов хутагт тоглоод “За сармагчин л бодож болохгүй шүү” гээд хэлчихэж. Тэгсэн нөгөө хүн “Би огт сармагчин бододгүй ш дээ” гэж. Хутагт хариуд нь “Тэгвэл болсон байна” л гэж . Гэтэл нөгөө хүн за сармагчин л бодож болохгүй шүү гээд өөрийгөө хүчлээд эхэлтэл сармагчингууд бодлоор нь дүүрээд үсэрч харайгаад бүүр сүүлдээ нөгөө сармагчингууд нь олшроод галзуурах шахсан нөгөө хүн “За багшаа тэр гэгээрэх ях вэ, та энэ сармагчингуудаас л намайг салгаад өгөөч” гэж гуйсан гэдэг. Хүн өөрийгөө хэт шахаж, цагдах ийм л аюултай. Модны мөчир тайрхад улам ургадагдаа.

Тамын талаар.
Ошо “Будда та хоёр нэг л дэлхий дээр амьдарсан атал ягаад Будда диваажинд чи тамд амьдарч байгаа хэрэг вэ?” гэсэн гэдэг. Амьдрал бол там биш. Бид л тамыг санаанаасаа бодож олсон.

Хоосноос айх айдсын талаар.
Хүмүүс сансарт нисч, хэдэн зуун давхар барилга бариж чаддаг мөртлөө ягаад хүн бүр бясалгал хийж чададгүй вэ гэхээр гүн бясалгалд орж хоосон чанарыг мэдэрхээсээ айдаг. Үнэхээр л би гэж итгээд байгаа тэр юм нь байхгүйг мэдэрмэгч энгүй их хоосон нээгдэж, эцэс төгсгөлгүй ангал руу нисч байгаам шиг мэдрэмж төрдөг. Яг энэ айдас бидний амьдралд ганцаардлаас, харанхуйгаас, чимээгүйгээс айсан айдас болж илэрдэг. Үүнээсээ болоод хүн ганцаардах үедээ өөрийгөө сатааруулах гээд байдаг. Энэ бол өөрийнхөө мөн чанар, эх булгаасаа айж байгаа хэрэг.

Бясалгалын талаар.
Бясалгал гэдэг бие тусгаарлаад шомбойж суухын нэр биш. Зурагт үзээд ч бясалгаж болно. Зурагт үзэхээ ч бясалгал болгож болно. Гэхдээ зурагт үзэж байгаагаа үздэг байх хэрэгтэй. Эгэл хүмүүс зүгээр л зурагт үздэг бол бясалгагч хүн зурагт үзэж байгаагаа үздэг. Хүн компьютер хоёрын гол ялгаа бол бясалгах чанар. Хүн энэ чанаргүй бол программын дагуу л ажилладаг робот гэсэн үг. Компьютер роботноос биднийг ялгаруулдаг тэр зүйл нь ажиглагч ухамсар. Энэ бол бодол биш тунгалаг зүйл. Толь мэт чанар ч гэж хэлдэг. Үүндээ л бид оршиж чадвал бүх юм бясалгал болж болно.

Хутагт хувилгаадын талаар.
Хутагт хувилгаад энэ ертөнцөд шинэ юм зохиогоогүй. Тэд бол өөрийнхөө мөн чанрыг л танисан хүмүүс.

8 comments:

K said...

яагаад ижилхэн Post оруулаад байдын бээээ.. kk

dream said...

haha blogoor n orjiij medlee shdee. hen medhev de haha. mongol busgui sanal bolgosnoor oruulchlaa :)

Монгол бүсгүй said...

za mash ih bayarlalaa :-)

Монгол бүсгүй said...

saihan yariltslaga baina. Tsaash vrgeljlel baigaa yu? Dutuu yum shig sanagdlaa.
bvh zvil deer sanal niilj baina. barigdmal ahuigaas angijirch uuriiguu tanij chadval ih goyo yum boloh geed baigaam daa. tegehiin tuld gantsaardaltai naizlah heregtei. gantsaar orshihui gedeg uurteigee yarih hamgiin tom bolomj...

dream said...

@mongol busgui

ene tsaash vrgeljlel bii esehiig sain medehgui bn hehe. gehdee ene yariltssan setguulchees n lavlaj asuunaa.

minii huvid hamgiin ehleed byasalgaad surchihmaar l sanagdaad bgaam kk. yaahav ene deer tv vzhiigee ch byasalgal bolgoj bolno gej bgaach yaaj gdgiig n bi engiin hvn tul medehgui bgaam.

ene deer helsenchlen, ahuigaas salaad hov hoosonruu unaj bgaa met setgedel tordog, ternees l hvmvvs aidag gedeg n ih tussan shuu kkke

Монгол бүсгүй said...

yanz bvriin byasalgaliin tuwvvd baigaa gej bsn ted nart neg yavaad vzehgvi yu? gol ni anhaarlaa tuwlurvvlj surah ni l ih chuhal, ehleed. tegej suraad daraa ni setgelee ajiglaj bodloo hyanaad dawhar byasalgachihwal tsaash tsaashaagaa yawaad uguh baihaa. deerees ni BI gesen oilgoltoos angijrah heregtei. bas todorhoi zvilsvvdiig bainga sanaj, byasalgaj daduulj baij l gaigvi vr dvnd hvreh bhaa.

K said...

би, би бол нар.намайг тойроод гаригс буюу хүмүүс оршиж буй.

dream-ийн хувд, dream бол нар dream-ийг тойроод би эргэж буй кк.
dream төвтэй амьрал...

бие-ээс салчихвал өөрийгөө бусдын нүдээр харах чадах байхда

K said...

* Би-ээс салчихвал өөрийгөө бусдын нүдээр харж чадах байхаа*